Боловсрол

2012-03-26,

Залуус бид хувцас хунар, өнгө үзэмжээр өрсөлдөж нэг талаас хотын үзэмж, өнгө төрхийг нүдэнд тусах байдлаар нь чимж байгаа ч нөгөө талаас хэт туйлширсан, салхинд туугдах үзэгдэл мэт болжээ. Бид гадныхныг хараад хэнэггүй юу хамаагүй өмсдөг улсууд шүү гэж ярилцдаг. Харин гадны оронд хувцасаар гоёх нь аль хэдийнэ моодноос гарч мэдлэг боловсролын моод хүчээ авсан байна. Маргааш юу өмсөж эдлэх нь чухал бус маргааш ямар мэдлэгээр бусдад танигдах нь илүү дээгүүр тавигдах болсон. Америкт баар цэнгээний газрын орлого багасаж нэр хүндтэй сургуулиудын үнэлгээ өндөрсөж бодитой мэдлэг, чанартай боловсролыг худалдан авахын тулд хэдийг ч төлөхөд бэлэн болжээ. Мөн боловсролыг зөвхөн сургуулиар дамжин олдоггүйг хүлээн зөвшөөрч хувь хүн бүр өөрийн боловсролдоо олон талт байдлаар анхаарах болсон. Энэ нь их дээд сургуулиа төгсчихвөл ажилд ороод амьдралаа босгоно гэдэг Монголчуудын хандлагаас огт өөр ойлголт болжээ. Буурай орон болох бидний хувьд мэргэжил, зэрэг дэвээ дэшлүүлэх нь 1-рт мөнгө 2-рт цаг хугацааны алдагдал болж тусдаг нь үнэн. Гэвч суралцсан мэргэжил нь хангалттай амжилтанд хүрэх, ар гэрээ авч явахад 21-р зуунд үнэндээ л хүчин мөхөсдөнө. Хятад улсад залуус нь Монголын залуустай харьцуулашгүй хөдөлмөрлөж ядаж л суралцсан мэргэжилдээ эзэн нь болж төгсдөг. Ухамсрын боловсрол дээд зэргээр өндөр хөгждөг. Суралцах он жилүүддээ нэг шөнө ч бүтэн нойртой хонож үзэлгүй хичээл зүтгэл гаргадаг. Мөн мэргэжлээ сонгохдоо ч алсын хараатай, үнэ цэнэтэй байдлаас нь шалгуур тавьж сонгодог байна. Жишээ нь өнөөгийн хятад залуус уул уурхай, хөдөө аж ахуйн нарийн мэргэжил түлхүү сонгох болсон. Харин Америк залуусын хувьд бизнес, менежмент чиглэлээр түлхүү суралцаж байсан хандлага нь өөрчлөгдөж эмч, сэтгэлзүйч гэх мэт мэргэжлийг сонгон суралцдаг болсон байна. Японд нийгэм, эдийн засаг цаашлаад технологи талыг түлхүү сонгон суралцаж байна. Энэ мэт хандлагаас хархад мэргэжил боловсролоо сонгож байгаа гадны залуусын хувьд өөрийн улс орны болон бусад улс орны талаар маш их мэдлэгтэй байдгаас үүдэн ирээдүйд ямар мэргэжлийн хэрэгцээ гарах вэ? би ямар мэргэжлээс суралцах вэ? гэх асуултанд төвөггүй хариулт өгдөг байна. Мэдээж мэргэжил сонгох нь өөрийн сонирхолын асуудал байдаг ч үүний дараагаар хэрэгцээг харж сонгох нь түгээмэл байдгийг бид мэднэ. Мөн мэргэжлийн боловсролоос гадна ухамсрын боловсролд суралцах нь юу юунаас дутахгүй чухал. Яг энэ л Монгол залууст хэрэгтэй байгаа чухал боловсрол гэж олон сэхээтэн санал нэгтэй дүгнэж байна. Жил бүр их хотын зүг эрдэм сурахаар ирж буй мянга мянган залуус чухамдаа сонгосон мэргэжилдээ 100% сэтгэл хангалуун, суралцах явцдаа шантралгүй хичээл зүтгэл гаргаж чаддаг билүү? Жил бүрийн эцэст зөвхөн дүнгээ хэрхэн сайн гаргуулах талаар зүтгэх нь ухамсрын зөв чиг баримжаатай боловсрол мөн үү? Нуулгүй хэлэхэд ихэнх оюутнууд элсэлтийн шалгалтанд тааруу оноо авсанаас болж олдсон ангиа л авч суралцахад хүрдэг. Дөрвөн жил сурч төгссөнийхөө дараа шал хэрэггүй мэргэжлээр сурсан юм гэж өөрийгөө буруутгана. Нөгөө талаас боловсролын салбарт ч олон хоцрогдол, олон цоорхой бодлого байгааг үгүйсгэх аргагүй. Гэвч Монголд ч бас боловсролоор моод хийж байгаа залуус байгааг бахархах хэрэгтэй. Сургуулиас гадуур бие даан судлаж багшдаа багшдалхуйц мэдлэгтэй залуус ч цөөнгүй байдаг. Зарим залуус гадны оронд ТҮҮЧЭЭ болж амжилттай яваа. Эцсийн дүгнэлтийг би биш бид хийх учир залуу хүн бүр өөрийгөө эрдэм мэдлэг, ухамсрын боловсролоор гоёх юм бол бидний амьдралаас авхуулаан нийгэм тэр чигтээ бидэнд хөтлөгдөх болно гэдгийг өчүүхэн миний зөвлөмж хэмээн ойлгоорой.

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax